Боловсролын ерөнхий газрын даргын 2024.12.24-ны өдрийн Б/353-р тушаалаар ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирлаар Б.Ганхөлөгийг томилов.Захирлын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаа болж, тамга тэмдгийг гардуулан өгөв.Захирал Б.Ганхөлөг энэ үеэр хэлсэн үгэндээ “ 1993 оноос хойш энэ сургуульдаа тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байна. 1994 оноос хойш анх удаа дотроосоо тавигдаж буй захирал гэдгээрээ онцлог бөгөөд 19 дэх захирал болж байна. Сургууль маань нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн амаргүй он жилүүдийг даван туулж өнөөдөртэй золгосон. Зарим сургуулиуд цалингаа тавьж чадахгүй татан буугдаж байсан бол манай сургууль зах зээлийн шуургыг хамт олны нэгдмэл санаа зорилго, урагшаа тэмүүлсэн их зорилгоор даван гарсан. Хэдий амаргүй байсан ч өнөөдрийн энд хүрч чадсан. Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй учир үе үеийн захирлуудын арга барил, хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их үйлсэд хамт олныхоо хамтаар түүчээлж ажиллана” гэдгийг онцлов.